Шинээр муурын зулзага тэжээгчдэд өгөх зөвлөгөө

2024-05-21 08:30
Шинээр муурын зулзага тэжээгчдэд өгөх зөвлөгөө

1. Аль болох олон хоолло.

Муур зулзага байхдаа их биш ч ойр ойрхон иднэ. Хэзээ ч хоол сойх гэж оролдох хэрэггүй. Хоол идсэнийхээ хэрээр хурдан том болж өснө. Ус байнга байлгах хэрэгтэй. Их ууж харагддаггүй ч шингэнээр дутааж болохгүй.

2. Бүү загна

Муур зулзага байхдаа их томоогүй болно, болохгүйг ялгахгүй магад таны уурыг хүргэх зүйл их хийнэ. Гэхдээ санаатай үйлдэл биш гэдгийг ойлгож, алдааг нь засч аль болох хайрлаж уучлах хэрэгтэй. Хумсаа зөв ашиглаж сураагүй учир урж маажин, цус гаргах нь ч бий. Яваандаа эзэнтэйгээ харьцахдаа хумсаа нууж сурна. Зодож бол хэзээ ч болохгүй, тэгвэл зожиг, байнга нуугддаг аймхай, хулчгар зантай болно.

3. Аль болох их тогло

Муурны зулзага байх хугацаа тун богино. Муур хамгийн ихдээ л 2-3 нас хүртлээ идэвхтэй тоглодог. Түүнээс хойш гэрийн аль нэг мухарт хэвтээд унтах нь голцуу, хөдөлгөөн нь их багасаад ирдэг. Тиймд муураа зулзага байгаа дээр нь аль болох их тоглож бас зураг, бичлэг их хийж байхад зүгээр. Маш хурдан том болоод, хөөрхөн жижиг байсныг нь нэг мэдэхэд мартаж орхисон байдаг.

4. Зөв хооллох

Олон төрлийн хоол өгч байх нь зүгээр. Ерөнхийдөө өдөрт доод тал 3 удаа хооллох тохромжтой. Өглөө нь нойтон лаазтай хоолны 1/3 өдөр орой нь хуурай хоолноос өгнө. Хуурай хоол байнга их өгөх дэмий санагддаг. Муур таргалах хандлагатай болдог. Тарган муур хөөрхөн харагдах ч эрүүл мэнд, удаан амьдрахыг нь бодвол зөв, эрүүл хооллосон нь дээр.

5. Тоглоом

Юуны өмнө заавал үнэтэй тоглоом авч өгөх шаардлагагүй. Хамгийн шилдэг тоглоом бол одоог хүртэл барьж амжаагүй лазерийн гэрэл санагддаг. Мөн үсний резинд яагаад ч юм ихэнх муур дуртай. Цаасан хайрцаг, цаасан уутанд орж тоглох бол муурны генэнд бий.

6. Хумсыг арчлах

Манайхан муурныхаа хумсыг их авах дуртай. Миний хувьд огт авдаггүй. Учир нь хумс нь өөрөө гадна давхаргаасаа унаад шинээр гарч ирж байнга нөхөн төлжиж байдаг. Хэрэгтэй учраас л хумс байгаа шүү дээ. Том болохоороо маажих, урах нь багасна. Харин багаас нь марталгүй хумсаа ирэлдэг зориулалтын маажуур хавтан, хайрцагны зүйлийг нь авч өгөхгүй бол гэрийн эд хогшил маажаад будаа болгоно шүү.

7. Элс

Элсийг нь сонгохдоо хэд хэдэн зүйлийг анхаарна. Юуны өмнө маш сайн барьцалддаг ширхэгтэй элс байвал зүгээр. Тэгэхгүй бол муур чинь баахан самарч самарчихаад ор дэрэн дээгүүр гүйх учир, жижиг ширхэгтэй, пургисан шороо бол ёстой заваарч өгнө. Тунгалаг эсвэл үрлэн, цагаан элснүүд зүгээр санагддаг. Хэт том, эсвэл жижиг нунтаг ширхэгтэй байх нь дэмий. Анхлан элсэн дээр бие засуулж сургах гэж байгаа бол үнэртэй элс зүгээр. Үнэрэнд нь татагдаад дээр нь ирж бие засаад аяндаа сурна.

8. Усанд орох

Багаас нь аажим аажмаар усанд дасгавал зүгээр. Тэгэхгүй бол усанд орох гэж дайн болдог болно. Мөн чихрүү нь ус орохоос маш ихээр болгоомжлох хэрэгтэй. Ер нь толгойг нь бол норгоод ч хэрэггүй. Амьтны шампуниар угаагаад сайтар зайлаад арчиж усыг нт багасгаад гаргана. Хатгаа авах, ханиад хүрэх магадлалтай тул гэрийн дулааныг бодолцож, өдөр эсвэл нартай үед оруулбал зүгээр, Мөн айхтар бохирдоогүй бол ойр ойрхон усанд оруулах шаардлагагүй сардаа нэг оруулсан ч болох юм.

9. Вакцин

Муурыг зулзага байхад нь хийх шаардлагатай туулга бас дархлааны ганц 2 вакцин бий. Анх авахдаа л эмчид үзүүлээд товололт, вакцин туулгаа хийлгээд байвал муурны эрүүл мэндээс гадна таны эрүүл мэндэд ч чухал юм.

10. Заслага буюу спэй хийлгэх

Үнэхээр муурандаа хайртай, урт удаан сайхан амьдруулъя гэж боддог бол эр эмгүй аль болох эрт буюу зулзага байхад нь засуулах нь зөв. Муурыг эрт зассанаар маш олон давуу талтай. Өвчин тусах нь багасч, элдэв муухай аашгүй, зөөлөн аядуу болдог. Зулзагаараа шахуу зулзага гаргаж бие нь эвдрэхгүй гэх мэт. Энэ бүгдээс илүүгээр төрсөн тэр олон зулзаганууд бүгд сайн амьдрах баталгаагүй учир, олон зулзага хүсээгүй, хариуцлагагүй эзний гарт очиж үхэх аюулаас аварч байна гэсэн үг

Ингээд нэгэн бяцхан гишүүнээр бүл нэмэх гэж байгаа таньд амжилт, аз жаргал хүсье

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл